Төрийн байгууллагын ажилтнуудад нөлөөлөх
Төрийн байгууллагын ажилтан албан хаагч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудалд хүний эрхийн байр суурьнаас хандах мэдлэг ойлголтыг бий болгох, улмаар эрүүл мэнд болон төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагч болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 4 удаагийн томоохон сургалтыг зохион байгуулсан байна.
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн цогц боловсрол олгох нь” чадавх бэхжүүлэх сургалтыг 21 аймаг 9 дүүргийн 29 эмч мэргэжилтнүүдэд хүргэсэн.
- Мөн Орхон аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран аймаг, сумдын төрийн албан хаагч эмч эмнэлгийн ажилтнуудад дээрх сургалтыг хүргэсэн бөгөөд 40 төрийн албан хаагч оролцсон.
- Хан-Уул дүүргийн хүсэлтээр тус дүүргийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” сургалтыг 32 хүний дунд зохион байгуулсан.
- ХБХХЕГ болон Жендэрийн үндэсний хороотой хамтран улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн халамж, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан “Хүртээмжтэй төрийн үйлчилгээ” сургалтыг зохион байгуулж 15 хүн оролцсон байна.
2023 оны байдлаар нийт 116 төрийн албан хаагчдын мэдлэг хандлагат нөлөөлөх сургалтыг хийсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насныханг чадавхжуулах
2023 оны хичээлийн жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиуд буюу 29, 63, 116-р сургууль, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн дэргэдэх МСҮТ-ийн нийт 55 хүүхдийг хамруулан “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх
Олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, холбооны үйл ажиллагааг сурталчлан таниулах, гишүүдийн зөрчигдсөн эрх, тулгамдаж буй асуудлыг сайжруулах чиглэлээр төрийн, хувийн хэвшил олон улсын байгууллагуудад нийт 20 удаагийн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5 удаагийн мэдээлэл ярилцлагуудыг олон нийтэд түгээсэн байна.
Мөн Хошимний нэрэмжит 14-р сургуулийн 84 сурагч, АШУҮИС-ын 50 оюутан залууст хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн загварыг таниулах сургалтыг хүргэж, хүний эрхийг мэдлэг ойлголтыг залууст төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хүртээмжтэй боловсрол
МТИҮХ нь 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн цогц боловсрол олгох сургагч багшийн гарын авлагыг шинэчлэн боловсруулсан бөгөөд Юнеско, НҮБХАС-с гаргасан “Бэлгийн цогц боловсролын олон улсын удирдамж”-д нийцүүлэн гаргасанаараа давуу талтай. Уг гарын авлага нь нийт 8 үндсэн бүлэг, 30 дэд сэдэв, 96 үйл ажиллагаа бүхий 49 цагийн сургалтыг агуулгыг багтааж, 140 гаруй биет үзүүлэн буюу даавуун, модон, хэвлэмэл материал бүхий 600 ширхэг сургалтын нөөц хэрэглэгдэхүүнийг боловсруулан хөгжлийн бэрхшээлтэй бичиг үсгийн боловсрол багатай иргэдэд зориулан төдийгүй бэрхшээл бүрийн онцлогт тохирсон хүртээмжтэй сургалтын аргачлалаар боловсруулагдсанаараа онцлогтой.
Сургалтын багцын дагуу 21 аймаг, 9 дүүргийн эмч эмнэлгийн ажилтнуудыг ХБИ-дэд НҮЭМ-н боловсрол олгох сургагч багшаар бэлтгэлээ.

